1

Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр

Энэхүү ажил нь Монголын хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах,  Дэлхийн Мянганы Хөгжлийн зорилтыг хангахад  чиглэсэн улс, хувийн хэвшлийн байгууллагын түншлэлийн хүрээнд хийгдэж байгаа дэлхийн жишигт чиглэсэн, хүмүүнлэг үйл ажиллагаа юм.
Уг дэвтэр нь Эрүүл мэндийн сайдын 2010 оны 34 тоот тушаалаар батлагдсан бөгөөд хөрөнгө оруулалт, борлуулалтыг Улаанбаатар принт  хэвлэх үйлдвэр хариуцан ажиллаж байна. Уг дэвтэр нь хүүхэд бүрт зайлшгүй байх ёстой дэвтэр юм.
Энэхүү Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр нь таны хүүхдийн эрүүл мэнд өсөлт бойжилт, сэтгэхүйн хөгжлийн талаарх үндсэн баримт тул нандигнан хадгалаарай.
Энэ дэвтрийг хүүхдийг асрамжилж буй хэн ч ашиглаж болно.
-    Өрх, сумын болон бусад мэргэжлийн эмчид үзүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ хийлгэх, эрүүл хүүхдийн зөвлөгөөнд очих
-    Вакцин хийлгэх
-    Шүдний эмнэлэгт үзүүлэх
-    Хэвтэн эмчлүүлэх
-    Хувийн эмнэлэгт хандах
-    Яаралтай түргэн тусламжаар эмнэлэгт очих зэрэг бүхий л үед энэ дэвтрээ заавал авч явах хэрэгтэй.
Эцэг эх, асрамжлагч та:
-    Энэ дэвтрийн цэнхэр булантай хуудас танд зориулагдсан тул өөрөө уншиж тэмдэглэл хөтөлж бөглөнө.
-    Жирэмсэн эмэгтэй та өрх, сумын эмнэлгээсээ эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрээ авч цэнхэр булантай хуудсууд дахь зөвлөгөөг анхааралтай уншин, өөрийн эрүүл мэндийн талаарх мэдээллийг авах ба холбогдох тэмдэглэгээг хийж жирэмсэний хяналтанд ирэхдээ эмчдээ үзүүлж байгаарай.
-    Хүүхдийг төрсөн өдрөөс нь эрүүл мэнд, өсөлт хөгжлийн талаар тэмдэглэн, эмч сувилагч нартайгаа тогтмол зөвлөж асуудлыг хамтран шийдвэрлэсэнээр элдэв өвчнөөс сэргийлэх, эрүүл саруул өсч бойжуулах үндэс болно.
-    Хүүхдээ ясли, цэцэрлэг, сургуульд орсон үед ч тэмдэглэлийг дэвтэрт нь бичүүлж болно. Дэвтрийг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд харьяа эрүүл мэндийн байгууллагадаа мэдэгдэж нөхөж авах талаар хүсэлт гаргаарай.
Эрүүл мэндийн ажилтан (өрх, сум, багийн эмч, сувилагч, амаржих газрын эмч, эх баригч, төрөлжсөн мэргэжлийн эмч ) та: Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн улаан булантай хуудсуудад зохих асуултын дагуу тэмдэглэлийг нямбай хөтөлж гарын үсэг зурж ээжид нь хүлээлгэн өгнө. Эрүүл мэндийн байгууллагад хөтлөгддөг ӨЭ картад эцэг эх асрамжлагчаар нь гарын үсэг зуруулж авна.
Амаржих газрын эмч та нярайг амаржих газраас гарахад нь иж бүрэн үзлэг хийж энэ дэвтрийн голд хавсаргасан “Нярай хүүхдийн эрүүл мэндийн үзлэг”-ийн давхар хуудсанд нямбай тэмдэглээд, өнгөн (цагаан) хувийг таслан авч хүүхдийн төрөлтийн түүхэнд хавсаргана.
Өрх сумын эмч та хүүхдийг нэг нас хүрэхэд дэлгэрэнгүй үзлэг хийж уг дэвтрийн эхэн дэх давхар хуудасны “Нэг настай хүүхдийн эрүүл мэндийн талаарх дүгнэлт”-ийг, 5 нас хүрэхэд нь дэвтрийн эцэст буй давхар хуудасны “Таван настай хүүхдийн эрүүл мэндийн талаарх дүгнэлт”-ийг бөглөн өнгөн хувийг таслан авч өрх (сум)-ийн эрүүл мэндийн байгууллага дахь баримтанд хавсаргана.