1

Эх оронч хэрэглээ мэдлэгтэй дэвтэр

Бэх нь уусаад байдаг дэвтрийг мартаж, гөлгөр цаастай, бэх уудаггүй, бичихэд ч урамтай, япон цаасаар хийсэн Монгол дэвтэр худалдаанд гарч, хүүхэд багачууд эх орондоо үйлдвэрлэсэн дэвтэр дээр эрдэм номын үсгээ бичиж эхэлсэн цаг саяхан мэт.

Тиймээ, чанар зарлан гарч ирж, улмаар Фүжифилм-ийн дэвтэр гэдгээрээ олонд хоногшин үлдсэн  анхны 12 хуудастай сурагчийн дэвтрийг мэдэхгүй хүн үгүй.

Хорь орчим жилийн өмнө эх орондоо сурагчийн дэвтэр үйлдвэрлэж эхэлсэн Улаанбаатар Принт хэвлэх  үйлдвэр 2012 оноос оюутан, сурагчдад мэдлэг олгож, хөгжүүлэх зорилготой “Мэдлэгтэй дэвтэр” брэндийг санаачлан гаргасан нь багш, оюутан, сурагчдын талархлыг хүлээсэн бүтээгдэхүүн болж чадсан билээ.

Эх оронч хэрэглээг уриалсан энэхүү бүтээгдэхүүн нь хавтсан дээрээ хүүхэд залуусын нас насны онцлогт тохирсон зөвлөмж, мэдлэг мэдээллийг агуулдаг бөгөөд  хүүхдийн нүдний хараанд сөргөөр нөлөөлөхгүй, өнгө бууруулсан сайн чанарын цаас, химийн найрлагагүй будагаар үйлдвэрлэдэгийг нь тооцвол аргагүй л үндэстнээ гэсэн үндэсний шилдэг бүтээгдэхүүн юм. Монголчууд бид нэг үеээ бодвол хямд, чанар муутай бүтээгдэхүүнээс илүү боломжийн үнэтэй, чанартай, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг илүүд үзэх болсон учраас олон хүмүүс Улаанбаатар Принт-ийн сурагчийн дэвтэр буюу “Мэдлэгтэй дэвтэр” –ийг сэтгэл бардам сонгодог.  

Тоон баримтаас харвал 1997 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн Улаанбаатар Принт хэвлэх үйлдвэр нь Монголын нийт сурагч, оюутан залуусын 60 гаруй хувийн хэрэгцээг дангаараа хангадаг байна. Импортын дэвтэртэй харьцуулбал илүү чанартай, дотоодын зах зээлээ 100% хангаж чадахуйц үйлдвэрийн хүчин чадалтай ч монголын зах зээлд Хятад, Польш гэх мэт харь улсад үйлдвэрлэсэн чанаргүй дэвтэр орж ирсээр.  

Төр засгийн зүгээс үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэж ярьцгаадаг ч  ам, ажил байнга зөрсөөр... Ялангуяа эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ үед эх орныхоо хэрэгцээг бүрэн хангаж чадахуйц бүтээгдэхүүнүүдийг харь орноос импортоор оруулж ирэхийг багасгах, боломжтой бол хориг тавих, татварын уян хатан бодлогоор үндэсний үйлдвэрүүдээ дэмжих нь аль ч улсын хувьд хөгжлийн чухал алхам билээ. Нөгөө талаар дан ганц төр засгийн  бодлого, шийдвэрийг хүлээлгүй иргэн бүр эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэвэл, үр хүүхэддээ эх орноо хайрлах сэтгэл “Эх оронч хэрэглээ”-нээс эхэлдэг гэдгийг бага балчираас нь ойлгуулж чадвал эх орны хөгжлийн оргил ойрхон харагдана.