Эмч бол хүн.
2018/11/25Эмч бол хүн. Анагаах ухааны сургууль төгсөж эмчийн тангараг гэдэг нэртэй хэдэн үгийг нийтээрээ уншсан болохоос биш ядардаг зүдэрдэг, өвддөг зовдог, иддэг, уудаг, хувцас өмсдөг, үртэй хүүхэдтэй, ханьтай ижилтэй, өртэй зээлтэй зүгээр л хүн.
Эмч бол бурхан биш. Эмч найман нүүртэй, наян гартай, үхэлгүй мөнхийн шидийг олсон, үлээгээд ямар ч өвчнийг эдгээдэг биш. Эмч нэг толгойтой , хоёр гартай. Эмчид бас өвчин халддаг. Эмчийн хүүхэд бас өвддөг. Эмч ядардаг. Эмчид бусад бүх хүний адил хоногийн хорин дөрвөн цаг ноогддог. Эмч бол даян дэлхийн амьтныг элдэв өвчнөөс аврахаар дээд тэнгэрээс заларч ирсэн оточ Маналын зардас биш. Эмч бол хөлсний ажилтан. Монгол улсад үйлчилдэг хөдөлмөрийн хууль эмчид ч үйлчлэх ёстой. Эмч хүн найман цаг ажиллах ёстой. Илүү цагаар ажиллах бол нэмэлт хөлс авах ёстой бөгөөд тодорхой хэмжээгээр л илүү цагаар ажиллах ёстой. Эмч хүн нэг хүнд үзлэг эмчилгээ хийхэд тодорхой хугацаа зарцуулна. Ажлын найман цагийг энэ хугацаанд хуваавал нэг эмчийн үзлэг эмчилгээ хийх ёстой хүний тоо гарна. Хүн юм чинь үүнээс илүүг хийж чадахгүй. Хүн юм чинь ажлын ачааллаас болж бухимдана. Уурлана. Хүн юм чинь хүний зовлонд шанална. Хүн юм чинь өөрийнхөө амьдралын асуудалд хямарна. Ажлын болоод сэтгэл зүйн хэт ачааллаас болж эрүүл мэндээрээ хохирч, сэтгэц мэдрэлийн эмгэгтэй ч болж мэднэ.
Ийм эрсдэлтэй, гайтай, лайтай, ялтай, зэмтэй ажлынхаа төлөө эмч хүн хэдэн төгрөгийн цалин авдгийг нь та нар мэдэх үү? Захын лангууны худалдагч хийхэд бараг илүү цалин авах байх шүү. Одоо эмнэлэгт ажиллаж хүн бүхний хэл амны бай болж байгаа олон мянган залуус энэ тэр элдэв балай дуучин жүжигчдээс дутуу авьяастай, дутуу чадалтайдаа тэгж яваа гэж бодож байна уу? Эрээн Бээжин Сингапур Хонг Конг орж бараа авчраад зарах чадваргүй юм болов уу? Солонгост очоод айл нүүлгэж чадахгүй хэрэг үү? Улс төрд хошуу, нэмж жагсаал цуглаан дээр хашгичиж, мэдлэг боловсролтойгоо гайхаж дарга л болохгүй бол үхлээ гээд гүйж чадахгүй байсан уу?
ХЭНИЙ ТӨЛӨӨ, ЮУНЫ ТУЛД ЗАЛУУ НАС ЭРЧ ХҮЧЭЭ БУТАРХАЙ МӨНГӨӨР ХУДАЛДАНА ВЭ?
ЯАГААД ӨНӨӨДӨР МОНГОЛЫН ОЛОН ОЛОН ШИЛДЭГ ОХИД ХӨВГҮҮД ЭМЧ ГЭДЭГ МЭРГЭЖИЛ СОНГОСНЫХОО ТӨЛӨӨ, УЛСЫН ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАСНЫХАА ТӨЛӨӨ, ЗАЛУУ НАС, ХАЛУУН ЦУС, ЭРҮҮЛ БИЕ, ЦАГ ХУГАЦААГАА БУСДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ ЗОЛЬСНЫХОО ТӨЛӨӨ ОЛНЫ ХЭЛ АМНЫ БАЙ БОЛОХ ЁСТОЙ ЮМ БЭ?
Дүү минь эмч. Бэр минь эмч. Олон олон найз нар минь эрүүл мэндийн салбарт ажилладаг. Дунд сургуульд хамгийн шилдэг сурагч байсан олон олон залуус эмч болсон. Одоо ч олон олон охид хөвгүүд эмч болохоор суралцаж байна. Эмч болохын тулд хамгийн олон жил суралцдаг. Дараа нь резентур гэдэг 2-3 жилийн төлбөртэй ажил хийдэг. Ажил хийгээд цалин авдаг биш. Мөнгөө төлөөд ажил хийдэг. Эмч болохын тулд хамгийн хатуу шүүлтүүрийг давдаг. Хүүхдээ эмч болгохоор шийдсэн эцэг эх бол нас залуу, бие эрүүл, эдийн засаг болоод сэтгэл зүйн хувьд онцгой бэлтгэлтэй байж даван туулна.
ЯАХ ГЭЖ?
Хүн бүр сайхан амьдрахын төлөө зүтгэх эрхтэй байтал ЭМЧ хүнд тийм эрх байхгүй гэж үү?
Хүн бүрийн эцэг эх үр хүүхдээ сайн сайхан явахыг харж ач тусыг нь үзэхийг хүсдэг байхад эмчийн мэргэжил сонгосон хүний эцэг эхэд тийм эрх байхгүй хэрэг үү?
ӨНӨӨДӨР ШҮҮГЧ ХАРААТ БУС БАЙХ ЁСТОЙ ГЭЖ ӨНДӨР ЦАЛИН АВЧ БАЙХАД ХҮНИЙ АМЬ НАСЫГ ХАРИУЦАН ЗОГСОО ЭМЧ ХҮН ЯАГААД ХАРИУГҮЙ ЖААХАН ЦАЛИН АВАХ ЁСТОЙ ВЭ?
ӨНӨӨДӨР ЯАГААД ЭМЧ ХҮН НОРМ НОРМАТИВ НЬ ХЭД ДАХИН ДАВСАН ОЛОН ӨВЧТӨНД ҮЙЛЧИЛЖ, БУХИМДСАН ОЛНЫ ХАРААЛ ИДЭЖ ЗОГСОХ ЁСТОЙ ВЭ?
ҮҮНИЙГ УНШИГЧ ТА УУР БУХИМДЛАА ЭМЧ ХҮНД ГАРГАХГҮЙ БАЙВАЛ ЗОХИНО. ТЭР ЭМЧ ТУХАЙЛАН ТАНД ҮЙЛЧИЛЖ ҮХЭШГҮЙ МӨНХИЙН ХУТГИЙГ ОЛГОНО ГЭЖ ДЭЭД ТЭНГЭРЭЭС БУУЖ ИРСЭН ХУВИЛГААН БИШ.
БУХИМДАЛ ГОМДОЛ ӨШӨӨ ХОРСОЛ БАЙДАГ БОЛ ТАНААС ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ АВДАГ ТӨР ЗАСАГТАА ГАРГА! ТАНЫ ТӨЛСӨН ДААТГАЛЫН МӨНГӨНД ТААРАХ ҮЙЛЧИЛГЭЭ ИЙМ Л БАЙНА ГЭЖ БАЙГАА ТӨР ЗАСАГТАА Л БУХИМДЛАА ИЛЭРХИЙЛ.
ИЙМ СОНГОЛТ ХИЙСЭН АРД ТҮМЭНДЭЭ ГОМД!