75003333
Хайлт

МОНГОЛЧУУД АМЕРИКТ ЗЭВСЭГТ ДЭЭРЭМ ХИЙГЭЭД БАРИГДАВ

2018/04/09

 

“АНУ-ын Цагдаагийн газраас Беркли хотод зэвсэгт дээрэм хийсэн гурван этгээдийг баривчиллаа” гэж berkeleyside.com цахим хуудас мэдээллээ.
Беркли нь Калифорнийн Аламида тойрогт байдаг хот юм. Өнгөрсөн Мягмар гарагт Калифорнийн их сургуулийн хоёр оюутан шөнийн 01.00 цагийн үед  Рижент-стрит дэх гэртээ ортол 3 залуу хүрч ирэн, гар буу гарган, биедээ авч яваа үнэтэй зүйлээ өгөхийг шаардсан байна. Яг юу дээрэмдсэнийг цагдаа нар мэдээлээгүй бөгөөд зэвсэглэсэн дээрэмчид зугтсан байна. Цагдаагийн газраас хэрэг гарсан дүүргийг бүсэлж, хэдхэн минутын дараа хохирогчдын мэдээлсэнтэй тохирсон гурван этгээдийг саатуулжээ. Тэдний нэг нь гар буутай байсан байна.

Зэвсэгт дээрэмчдийн нэрийг Цагдаагийн газраас зарлажээ. Тэд Беркли хотын 20 настай Энхбилиг Тэнгис, Сан-Францискогийн 21 настай Пүрэв Нармандах, Мартинесийн 19 настай Пүрэв-Очир Мөнхтөр гэсэн 3 монгол залуу байлаа. Тэднийг айлын гэрт халдлага, дээрэм хийсэн хэрэгт буруутгаж байна. Учир нь тэд оюутнуудыг гэртээ орж байхад нь дээрэмдсэн гэнэ.
Пүрэв Нармандах,  Энхбилиг Тэнгис нарыг галт зэвсэг хэрэглэсэн хэрэгт шийтгэх тул 490 мянган долларын барьцаагаар суллагдаж болох гэнэ. Харин зэвсэггүй байсан Пүрэв-Очир Мөнхтөрийг 290 мянган долларын барьцаагаар суллана. Шүүх хурал энэ Пүрэв гарагт Оклендэд болно.
Калифорни мужид дээрмийн хэрэгт 3-9 жилийн хорих ял өгдөг байна.